САЛХИНЫ ХӨДӨЛГӨӨН


                Би салхийг хүснэм. “Сал­хи сэвэлзэн хөдлөх бүрийд чулууд төөрөлдөн одно” гэж эрхэм анд Л.Дашням маань, аль эрт, ерээд оны дундуур бичсэнсэн. Тийм нэг чулуу төө­рөл­дүүлсэн салхи. Тэрийг л би хүсээд байгаа юм. Нарийндаа салхийг ч хү­сээд байгаа юм бас биш, “чулууд төөрөлдөхийг” л хү­сээд байгаа юм. Гагцхүү сал­хинаас өөр юу ч чулуудыг төөрүүлж чадахгүй учраас л салхийг хүсээд байгаа юм. Төөрөлдсөн чулуудын гуни­гийг салхи надад шивнэх байх гэж горьдсондоо тэр. Л.Өл­зийтөгс шиг “Салхи хуруугаа хацарт минь хүргээд авахыг” мэдрэх гэсэндээ л тэр. Сай­хан юм дэргэд байдгийг” Л.Өлзийтөгс шиг ойлгох гэсэн хэрэг. Гачлантай нь өнөөдөр “хуруугаа хацарт минь хүр­гэх” салхи алга. Салхи үгүй болохоор чулууд төөрөл­дөхгүй байна. Чулууд төөрөл­дөхгүй болохоор гуниг байх­гүй. Гуниг байхгүй болохоор шүлэг байхгүй. Шүлэггүй амьдрал нэг л хачин зэгçгэр. Баяр ч хаа билээ, гуниг ч хаа билээ эл хуль, ажин түжин. Чухам ийм л үед надад салхи улам их хүсэгддэг билээ. Гэхдээ догшин ширүүн салхи бус. Догшин салхинд би дур­гүй. Догшин салхи шуурга биш. Тэрэнд хий хоосон сүр­жиг­нэхээс өөр юу ч байдаггүй юм. Харин шанхны үзүүр чичигнүүлэн хаа нэг сэвэл­зэх… Яг л Данзангийн Нямсү­рэнгийн “Хааяа нэг салхи сэвэлзэх нь шувуу жиргэх шиг болоод горхи уруу одно” гэдэг шиг. Тийм нэг зөөлөн сэвшээ салхи. Салхины сэвэлзэх нь намдахтай зэрэг шувуу жир­гэх нь сонсогдоно. Шувуу жиргэхээ болиход сая гор­хины хоржигнох чимээ сон­сог­доно. Сэвэлзэх салхины горхи уруу одож байгаагийн учир энд л байгаа байх. Хэрэв энэ сэвшээ салхи байгаа­гүйсэн бол горхины хоржиг­нооныг би хэрхэн мэдрэхсэн билээ. Энэ бол Л.Өлзий­төгсийн бичсэнчлэнгээр “Сал­­­­­хи ганцхан санаа алда­хад л сарнин одох ногоон агшнууд”-ыг мэдрэх мэд­рэмж юм. Яруу найрагт эрхэм чу­хал нь “салхины ганцхан санаа алдалт”. Салхины са­наа алдалт байснаараа “но­гоон агшнуудын” гунигийг мэдрэх болно. Энэ бол эрх­мээс эрхэм.

Яруу найраг бол уйтгар гунигийн дурсамж. Энэхүү гуниг, салхины санаа алдал­таар төрдөг. Салхи байж гэмээнэ “чулууд төөрөл­дөн одно”. Төөрсөн чулуу гунигийг өгүүлнэ. Төөрнө гэгч салахуй, хагацахуй. Яруу найраг бол салахуй, хагаца­хуй. Учрахуй бол баяр баяс­галан. Хагаца­хуй бол уйтгар гуниг. Хага­цахын тулд учирч, гунихын тулд баярладгаа хөөрхий, хүмүүний үр бид тэр болгон мэддэгсэн билүү. Байрнаа­саа хөдөлсөн чулуу гурван жил зовдог гэж ижий минь хэлдэгсэн. Яруу найраг бол байрнаасаа хөдөлсөн чулуу­дын гунигт дуун. Чулуу­дын энэ гунигт дууг сэтгэл минь надад авчирнам. Миний сэт­гэл салхи. Энэ салхи л чу­луудыг байрнаас нь хөдөл­гөдөг юм. Байрнаасаа хөдөл­сөн чулууд “төөрөлдөн одно”. Төөрсөн чулуу “гурван жил зовно”. Зовлонт чулуудын гунигт дууг сонсож, өрөвдсөн сэтгэл минь шанална. Шанал­сан сэтгэлийнхээ гунигт дур­самжаар шүлгээ бичнэ. Байр­наасаа хөдөлсөн чулууд сэт­гэлд минь ирж байраа олно. Нам гүм ажин түжин болно. Нам гүм ажин түжин боло­хын цагт би дахиад л салхийг хүснэ. Салхи сэвэлзэнэ. Сэтгэлийн “чулууд төөрөлдөн одно”. Сэвэлзэх салхи надад “Салхи ч гэсэн хайрладаг” гэж шивнэнэ. Салхины энэ үг сэтгэлийн минь чулуудыг газрын чулуудтай ижил­сүүл­нэ. Ижил буруу чулуу сэтгэлд ч, газарт ч үгүй болно. Ижил буруу чулуу байхгүй болмогц салхи сэвэлзэн хөдөлнө. Сал­хи сэвэлзэн хөдлөх бүрд газрын чулуу сэтгэлийн чулуу болж, сэтгэлийн чулуу газрын чу­луу болно. Сэтгэл ч мөн ял­гаагүй, нэг үе салхи болж, нэг үе сэтгэл болон агшин хором ч зогсолтгүй хөдөлнө. Оршин буй бүхэн огтхон ч амсхийх нь үгүй хувьсан өөрчлөгдөж байдаг нь орчлон ертөнцийн жам. Энэхүү жа­маас ангид орших нэг ч үзэг­дэл юмс гэж үгүй. Урлаг уран зохиол ч мөн адил.

Бүтээл туурвил бүхэн дотоод ба гадаад хөдөлгөөнд оршиж гэмээнэ бүтээл туур­вил болно. Чухам энэ л уч­раас шүлэг зохиол бүхэнд салхи эрхэм. Салхи бол хө­дөл­гөөн. Бүтээл туурвилын дүр дүрс­лэл ямагт хөдөлж байх учир­тай. Хөдөл­гөөнгүй дүр дүрс­лэл бол сэт­гэлгүй хүнтэй адил. Сэтгэлгүй хүн, хүн мөн үү. Сэтгэл бол хүний хөдөл­гүүр, илч, гэрэл гэгээ. Зохиол бүтээл туурвил гэдэг бол сэтгэлийг бүтээ­хийн нэр. Урлаг уран зохиолд сэтгэлийг хөдөлгөөнөөр бү­тээдэг. Хө­дөл­гөөнгүй дүр дүрслэл бол зураачдынхаар натюрморт юм. Уран зо­хио­лыг зэрвэсхэн ажиглахад сайн муу, сайхан муухай, тустай, тусгүй гэх мэт эсрэг тэсрэг юмсын ний­лэмж юм шиг санагддаг. Угтаа бол ондоо, ондоо үзэгдэл юмсын өөд өөдөөсөө чиглэ­сэн хө­дөл­гөөнүүдийн учрал хага­цал, мөргөлдөөн тэмцэл юм. Учраад хагацах нь драм. Салхи ширүүсэн хөдөлж шуур­­­га болно. Драм бол сэтгэлийн шуурга. Дээд цэг нь эмгэнэл. Зохиол бүтээлийн оргил нь эмгэнэлт зохиол. Зохиол бүтээлийн дотоод хөдөлгөөн бүхэн оргилын зүг чиглэж байдаг. Оргил бол уран бүтээлч хүний хүсэл тэмүү­лэл юм. Тийм учраас Л.Өлзийтөгс Давалгаан мэт өндийнөм  Дараачийн агшинд замхарнам Замхарав хэмээн арилахгүй Заяа сөрөн өндөлзнөм хэмээн бичиж байгаа юм. Хүний сэтгэл бол ямагт давалгаалж, тогтож, арвижиж хорж байдаг. Урлаг уран зо­хиол бол хүний сэтгэл санаа, оюун ухааныг хөдөлгөж, да­вал­­гаанд оруулахыг эрмэлз­дэг. Энэ эрмэлзлэл бүтвээс нэг бол хүний сэтгэл санаа, нэг бол оюун ухаан нь догд­лон хөдөлнө. Чухам энэ л уч­раас салхи хэрэгтэй байгаа юм.

Учраад хагацан төөрөл­дөх нь гунигтай, гашуун ч, энэ л гуниг, төөрөгдөл хүний сэтгэл санаа, оюун ухааны үнэт эрдэнэсийг буй болгодог. Аливаа эрдэнэс бүхэн зовлон гунигийн нулимснаас бүтсэн байдаг. Яг л домогт өгүүлдэг шиг… Эртний Энэтхэгт Да­лайн сувд бол Свати хэмээх одны нулимс гэсэн санаа бүхий домог бий. Тэр домогт ийн өгүүлдэг. Од түгэж бороо орж, борооны дусал хясааны нээсэн хавтсан дотор дусч чадвал тэрхүү дусал сувд болдог гэнэм. Үүний учрыг мэдэх хясаа одод түгэж Сва­тиод гарч ирмэгц далайн мандал дээр гарч ирэн хав­тасаа нээн борооны тэр гай­хамшигт дусал, нээсэн хав­тасан дотор нь дусахыг хү­лээн суудаг байна. Хэдий болтол ч хүлээдэг юм, хү­лээж хүлээж одны “нулимсан ду­сал” хавтсан дотор нь дус­магц л хавтасаа хааж аваад, тэрхүү гайхамшигт дуслыг сувд болохыг нь сар жилээр хүлээн суухаар да­лайн ёроол уруу живдэг гэнэм. Нулимсан дусал, сувд эр­дэнэ болдог домог энэ. Ну­лимс гэдэг сэтгэлийн хөдөл­гөөнөөр зүрх­­ний гүнээс дус­даг бороон дусал. Уран бү­тээлч хүний бүтээгч хясаа дотогшоо урс­сан зүрхний нулимсыг тосон авч сувд бүтээдэг. Энэ л учраас ми­ний бүтээгч хясаа хавтсаа дэлгэн төөрөлдсөн чулуудын уйлалдахыг хүлээн суунам. Энэ л учраас би салхийг хүсдэг юм.

Д. Батбаяр

 

 

Сэтгэгдэлүүд:

1. ЗОРИГТ8 | 2009-06-05 19:32:46
Салхин зүгийн сэвэлзээн зүрх догдлууллаа...
2. serenade | 2009-06-05 20:58:26
сайхан бичлэг бн шүү. сэтгэл хөдлөөд Д.Нямсүрэн найрагчийн мөртөөс оруулмаар бн.
Бороо орж байна уу даа, гадаа

Шивэрч байнаа бороо, зөөлөн шивэрч байна

Сэтгэлийн гунигаа орхиод би

Ширхэгнийх нь ганцхан дусал дотор

Сэмхэн ороод нуугдчих юмсан...
3. Agai | 2009-06-06 06:57:32
анд минь бичлэгээ үсгийг нь арай томоор оруулаад өгөөч хараа муу болохоор уншихад нилээн ядраад гэтэл уншмаар байдаг
4. Hoyr_hun | 2009-06-06 10:00:39
Баярлалаа. Тэгж байгаад нэг томруулнаа.
5. ollie | 2009-06-06 13:27:44
гоё бичжээ. бүүр нэг дотор хачин болгоод хаячихлаа байна. яг л нэг, гаргаж хэлэх гээд яаж хэлэх эвээ олдоггүй үгнүүдийг сайхан гэгч нь биччихэж. гуниг ч төрөх шиг, сэтгэл хангалуун ч болох шиг. дотор нэг л сонин болгочихлоо ..,
6. Арима | 2009-06-06 15:09:28
сайхан байна
7. Цасны чимээ | 2009-06-06 15:20:53
санаа алдахаас өөр салхигүй гээд байнашдээ хө цаагуур чинь
8. Hoyr_hun | 2009-06-06 18:12:11
Харин тиймээ. Сайхан бичлэг. Д. Батбаяр гуай том хүн шүү!
9. serenade | 2009-06-07 11:24:42
agai-d, nz mini 1 arga zaaj ogoh uu, mouse-aa erguulengee ctr-aa darchih teguul chinii husel bieleh bolno oo...
10. bolorka83 | 2009-06-07 11:35:34
saihan bichje
neg l ontslood unshchih yumgui neteer demii tenej yavaad sanaandgui saihan zuil unshchihlaa
hen negni teneg onol bas adal yabdal oor yu ch bilee bugdees n hubi iluu saihan bichleg bnaa zuirlehiin argagui uim
eh nutga ch sanachihla bas ...
11. Hoyr_hun | 2009-06-07 12:29:06
Сайн уу?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.